Thursday, September 27, 2012

Энэ киног нилээн хэдэн жилийн өмнө үзсэн санагдаж байна. Анх 2007 онд нээлтээ хийснээсээ хойш олон хүмүүст таалагдаж, тэр дундаа романтик адал явдалд дуртай үзэгчдийн таашаалд нийцсэн байна. Японд байдаг аав дээрээ амьдрахаар очиж буй дунд сургуулийн сурагч Солонгос хүүгийн хайр дурлалын тухай өгүүлэх бөгөөд шинэ соёл, шинэ хүмүүстэй хэрхэн танилцаж буйг сонирхолтойгоор дүрсэлжээ. Хайр сэтгэлд хил хязгаар байдаггүй гэдэг үг энэ кинонд яг тохирно. 

Хэдийгээр хоёр биенийхээ хэлийг мэдэхгүй ч зүрх сэтгэл, биеийн өгүүлэмжээрээ өөр хоорондоо ойлголцох Солонгос хөвгүүн, Япон охины дурлалын романсыг дэлгэцнээс үзэхэд сонирхолтой байлаа. Эрчилсэн хүчтэй, толгой эргүүлэм гогцоорсон үйл явдал гарахгүй ч цаанаа л нэг дулаахаан, гэнэн томоогүй мэдрэмж төрүүлсэн сайхан кино санагдсан билээ. 

Гол дүрд нь Lee Jun-ki (The King and the Clown), Aoi Miyazaki (Just Loving You) гэсэн авьяаслаг төдийгүй Азид нэр хүндтэй жүжигчид тоглосон нь киног улам сонирхолтой болгожээ. Тэдний энгийн хирнээ, сэтгэлээсээ гаргасан жүжиглэлт бол бас нэгэн шигтгээ болж чаджээ. Анхны хайрын тухай сайхан түүхийг үзэхийг хүсвэл энэ киног санал болгож байна. Хэрэв өмнө үзсэн бол дахин нэг удаа үзэхийг урьж байна.
Commercial Movie ч гэсэн урлаг шүү дээ. Түүнийг бүтээхийн тулд найруулагч, зураглаач, жүжигчин гээд асар олон хүмүүсийн зүрх сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн байгаа. Өөрийн чинь хэлж байгаагаар бол зөвхөн Art House кино л урлагт тооцогдоно. Харин Blockbuster кинонууд гагцхүү мөнгө олох зорилготой зоосны машин гэж ойлгогдохоор байна.

Star Wars-аар жишээ аваад үзье. 1977 онд анхны анги нь нээлтээ хийхдээ урьд өмнө байгаагүй өндөр буюу тухайн үеийн ханшаар 775 гаруй сая долларын орлого цуглуулж чадсан. Хэрэв Star Wars-ийг кино урлагын сор бүтээлд тооцохгүй гэвэл дэлхий даяарх хэдэн зуун сая шүтэн бишрэгчид нь гомдож, магадгүй бүүр өөртэй чинь дайн зарлах байх.

Хэрэв энэ бүтээл кино урлагт гялалзах оддын нэг биш байсан бол оскараас 6 шагнал авахгүй байсан болов уу. Хүний хүсэл мөрөөдөл, цаг хугацаа, зорилгоо чиглүүлсэн бүхэн ямар нэг хэлбэрээр урлаг хэмээх ойлголтыг өөртөө агуулдаг. Тийм болохоор ингэж хэт туйлширсан үзлээр юманд хандах хэрэггүй болов уу. Эцэст нь туйлын үнэн гэж байдаггүй, харьцангуй үнэн л гэж байдаг гэдэг үгийг хэлмээр байна.